03/01/2016
Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
1.Хүүхэд харах үйлчилгээг үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.
2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
- байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;
- хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах;
- байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх;
- гэрт зохион байгуулагдах бол гал тогооны тусгай гэртэй байх;
- гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх;
- байр, гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх;
- байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.
3.Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байна.
4.Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.
5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх
6.Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.