09/05/2015
Нэг. Ёс зүйн тухай
Ёс зүй нь ёс суртахууны мөн чанар, үнэлэмжийг судалдаг практик философийн ухаан. Ёс суртахуун нь хүний дотоод итгэл үнэмшил юм.[ ] Ёс зүй гэдэг ойлголт нь хүний биеэ авч явах байдлын мөн чанар (философийн категори)-ыг судлах онол, ёс суртахуун нь нийгмийн ахуйг тусгасан ухамсрын хэлбэр юм. Аристотель. Дээд ёс суртахуун: Ёс зүй бол төр улсын ухааны бүрэлдэхүүн хэсэг юм.[ ] Ёс суртахууны хэм хэмжээг бүтцийн хувьд диспозици, гипотез, санкци гэж 3 ангилж үздэг.[ ] Ёс суртахуун гэдэг нь нийгмийн дотор хүмүүсийн зан үйлдлийг хэм хэмжээгээр зохицуулах үндсэн аргын нэг, нийгмийн харилцааны онцгой төрөл мөн. Ёс суртахууны хэм хэмжээ нь тухайн нийгэм дэх хүмүүсийн зан байдлын тодорхой дүр загвар буюу хэвшиж тогтсон стандарт, хүмүүсийн зан байдлыг зохицуулагч шаардлагуудын цогцлол мөн.[ ] Ёс зүйн ухааныг олон улсын хэмжээнд “Этика” гэж нэрлэж заншсан. Этика гэдэг нь зан заншил гэсэн утгатай Грек үг. Капиталист нийгэмд “Хүн хүндээ чоно” гэдэг зарчимд үндэслэсэн хөрөнгөтний ёс суртахуун, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн социалист ёс суртахуун бие биеийн эсрэг зөрөн зогсож байсан нь ёс суртахуун бол ангийн чанартай хөгжиж ирснийг нотлосон төдийгүй, ёс суртахуун бол хүмүүсийн хоорондын өдөр тутмын харилцааны нэн чухал тохируулга [ ] болж өгснийг гэрчилсэн хэрэг юм. Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “ethos” гэдэг үгнээс гаралтай ба латины “mos”(moris)-тай утга дүйх бөгөөд энэ нь зан авир, дэг журам гэсэн утгатай. “Этика” (ёс зүй) хэмээх ойлголт нь эртний Римээс үүсэлтэй гэж үздэг. “Мos” гэсэн үгнээс “moralitas”(ёс суртахуун) хэмээх нэр томьёог бий болж Грекийн этика гэдэг үгнээс латин хэлний “мораль”гэдэг үг үүсч анх нэг утгатай байснаа хөгжлийн явцад “этика”нь ёс зүй, “мораль” нь ёс суртахуун гэсэн хоёр өөр утгатай ойлголт болсон.
Ийнхүү нийгмийн хөгжлийн явцад “этика”, “мораль” гэдэг нэр томьёо нь янз бүрийн утга агуулгаар баяжигдан, “этика” (ёс зүй) нь мэдлэгийн бие даасан салбар болж, “мораль” нь тухайн шинжлэх ухааны судлагдахуун болсон байна. Эндээс үзвэл ёс зүй бол ёс суртахууны тухай шинжлэх ухаан юм.[ ] Ёс зүй бол нийгмийн харилцааг бүхэлд нь хамран удирдах, зохицуулах, хэвшүүлэх зорилт бүхий нарийн мэргэжил эрхэлж байгаа хүмүүсийн ёс суртахуун (хүний зан төлвийн сайн, муу, сайхан, муухай эсрэг, сөрөг, шинжүүдийг үнэлэх нийтийн хэм хэмжээний нийлбэр цогц)-ыг судалдаг шинжлэх ухаан юм.[ ] Орчин үеийн ёс зүйн хувьд эрх чөлөө гэдэг нь хариуцлага юм. Ёс суртахууны хариуцлага нь нийгмийн бусад төрлийн хариуцлагын үндэс болдог бөгөөд бие хүний ёс суртахууны үйл ажиллагаа түүний үүрэгтэй тохирч байгаа байдал.[ ] Ёс зүй нь ёс суртахууны тухай мэдлэгийг буй болгоод зогсохгүй, ёс суртахууны сайн үйлс, хэм хэмжээ, эрхэм дээд туйлын хүслэнг буй болгоход оролцдог. Ёс суртахуун бол ёс зүйн судлах зүйл нь, өөрөөр хэлбэл танигдан мэдэгдэж буй объект нь ёс суртахуун, түүнийг танин мэдэж буй мэдлэг ухааны салбар нь ёс зүй мөн.[ ]
Өнөө үед ёс зүйг онолын ба норматив ёс зүй гэж ангилж байна.
1. Онолын ёс зүй - ёс суртахууны үүсэл, мөн чанарын асуудлууд нийгмийн харилцааны системд түүний эзлэх байр суурийг тодруулах, зан суртахууны ухамсрын хэлбэр, бүтцийг тайлбарлах;
2. Норматив ёс зүй – хүмүүс ёс суртахууны зарчим ба хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлэх зэрэг асуудалд хариулт өгдөг.[ ]
Аристотель. Дээд суртахуун: Ёс зүйн сайн үйл нь зан авир гэдэг “Ethos” заншил гэсэн үгнээс гарчээ, ийм учраас ёс зүйн сайн үйл гэсэн үг зуршил гэдэг үгтэй уялдан дуудагдаж нэрлэгдэж байгаа бөгөөд ёс зүйн сайн үйл нь дутагдах, илүүдэх нь аль аль нь хортой.[ ]
Дэг ёсны сэтгэлгээ
Эртний Грекийн софистууд янз бүрийн улс орны хэв хууль, ёс, ёс заншлыг судлаад хууль ёс заншлын гол агуулга нь ёс суртахуун гэсэн дүгнэлт хийжээ.
Ёс суртахуун нийгмийн бүхий л харилцаанд илэрч байдаг. Тухайлбал улс төрийн харилцаа нь хүмүүнлэг ба хүмүүнлэг бус, эдийн засгийн харилцаа нь шударга ба шударга бус, оюун санааны харилцаа нь үнэнч ба үнэнч бус ёс суртахууны мөн чанараар тодорхойлогддог.
Ёс суртахуун бол сайн, муу үйл, шударга бус, үүрэг, нэр төр, нинжин сэтгэлийн тухай хүмүүсийн төсөөллийг илэрхийлэгч зан байдлын дүрэм горим хэм хэмжээний цогц юм”[ ]гэж үзсэн байна. Эдгээрээс үзвэл, ёс суртахуун нь хэм хэмжээ, үнэлэмж, хүний дотоод сэтгэлийн чанар юм. Иймд ёс суртахууны асуудлыг олон талаас нь тунгаан эргэцүүлэх шаардлагатай.
Ёс суртахуун нийгмийн ухамсрын нэг өвөрмөц хэлбэр бөгөөд хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулагч, хүний биеэ авч явах хэм хэмжээний цогцос мөн. Ёс суртахуун нь хүмүүсийн хоорондын харилцааны амин чухал хэрэгцээнээс үүсэн гарч ангич, намч чанартай, бодит шалтгаан үндэслэлтэй, нийгмийн хөгжлийн хэр хэмжээтэй нөхцөлдөн шүтэлцэн хөгжиж иржээ.[ ]
Ёс зүйн гол зорилт нь зан заншил, биеэ авч явах байдлыг судлан шинжлэхэд бус ёс суртахууны гарал үүсэл, түүний зарчмуудыг тодорхойлоход оршино. Ёс суртахууны үйлдэл нь тодорхой зорилготой байхаас гадна түүний ёс суртахууны гол зарчмын дагуу хэрэглэнэ.
Хүний үйл ажиллагааг ёс горим, хэм хэмжээнд чиглүүлэх шаардлагыг ёс суртахууны зарчим гэдэг. Хүнлэг ёсыг дээдлэх, эх орон байгаль дэлхийгээ хайрлах, эв эеийг хичээх, өглөгч сэтгэлтэй байх, нэр төр, алдар хүндийг хайрлан хамгаалах, хичээнгүй хөдөлмөрч байх, хүнлэг энэрэнгүй байх, шударга, үнэнч ёсыг баримтлах зэрэг болно.
Аристотель. Евдемийн ёс зүй: Нотлох юм уу үгүйсгэх байдлаар үнэнийг илэрхийлэх таван [арга зам] сэтгэл санаанд байдгийг иш үндэс болгоё, үүнд, урлаг, шинжлэх ухааны мэдлэг, ухаан зарах сэтгэлгээ, мэргэн ухаан, хийсвэрлэл.[ ] ... ухаан зарах сэтгэлгээ нь өрхийн аж ахуйн, хууль тогтоомж, улс төрийн (зөвлөлдөх ба шүүхийн) үйл ажиллагаа гэсэн хэсгүүдээс тогтоно.
Ёс суртахууны хэм хэмжээ, зарчим бол өдөр тутмын харилцаанд илэрдэг туршлага юм.[ ] Бид аливаа ёс суртахуунгүй үйлдэлд үнэлэлт өгч, бурууг засаж залруулах нь эргээд зөв сонголт, шийдвэр гаргахад нөлөөлдөг. Иммораль буюу ёс суртахуунгүй үйлдлээс сэргийлж сургамж авч байдгийг үгүйсгэх аргагүй. Ёс суртахуун нь хуульд захирагдах, тухайн нөхцөл байдалд тохирсон хэм хэмжээ, ёс суртахууны сургаалыг дагаж мөрдөх нь хүний төлөвшил хандлагыг илэрхийлдэг.
Ёс суртахууны тогтолцоо нь хэм хэмжээ, үнэлэмж, эрхэмлэл, зарчим гэсэн үнэлэмжүүдээс бүрдэнэ. Ёс суртахууны хэм хэмжээ нь шинжлэх ухаан, нийгэм, улс төр гээд амьдралын бүхий л хүрээнд үйлчилнэ. Хууль эрх зүйн зохицуулалт нь төрийн албадлага шаардлага бөгөөд тодорхой институтууд хянах үүрэгтэй байдаг. Ёс суртахууны зохицуулалт нь хувийн ухамсарт тулгуурладаг бол хуулийн хэм хэмжээ нь юуг хийж болохгүйг тодорхой утгаар заасан байдаг. Хууль бол нэг талаас ёс суртахууны хэм хэмжээг баталгаажуулсан хэлбэр юм. Эрхээ эдэлж байна гээд бусдын эрхэнд халдан, дур зоргоороо авирлаж болохгүйг ёс суртахууны хувьд ухамсарлах, хувь хүн зөвхөн өөрийн төлөө биш бусдын өмнө сонгосон зорилгын төлөө ухаалаг, зөв эрүүл саруул замыг эрэлхийлэх нь хүмүүнлэг нийгмийн үндэс юм. Гэвч ардчилсан чөлөөт нийгэмд эрхээ эдэлж байна гэсэн нэрийдлээр нийгэмд эмх замбараагүй байдлыг үүсгэн хуулийн нэрийг барьж албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, үүргээ үл ухамсарлан хүнд суртал гаргах, өөрсдийн амьдрах эрх үүргээ төрд даатган, бухимдлыг үүсгэж төрд гомдоллож байгаа зэрэгт бүгд л хувь хүний ухамсар, үүрэг хариуцлага, ёс суртахуунтай л холбоотой. Төрийн үүрэг бол буруу үйлдлээс иргэнийг хамгаалах, нийгэмд ашигтай үйлдлийг хэрэглээнд оруулах, иргэдийн хамтын үйл ажиллагааг шударгаар зохицуулах явдал юм.
Хувь хүний ёс суртахууны үүднээс ямар харилцаанд оршиж буйгаа ухамсарлаж, харилцан эрх, үүрэг хүлээсэн нийгмийн харилцаа үүсдэг.
Эртний хятадын философи сэтгэлгээний Күнзийн сурталтан Зэнз “Хүсэл зориг тогтвол сэтгэл түвшин болно, бодол санаа бат үнэн бол сэтгэл тэгширдэг байна. Сэтгэл тэгшрээгүй бол үзэх сонсох, амтлах, мэдрэхүй сул байна. “Бодол санаандаа бат үнэн” гэдэг нь биеэ хуурахгүй, үзэл бодолдоо тууштай, сэрэмжтэй сайн сургаалыг дагахыг хэлнэ. Гэгээн суртахуйг гийгүүлнэ гэдэг бол эрдэм сурч, бодол санааг бат болгоод, сэтгэл тэгширч бие засарна, биеэ зассанаар гэр түвшин, гэр түвшин бол төр засарна,төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтоно. Өрх гэрийн дотор өршөөлтэй бол улс оронд өршөөл дэлгэрнэ, өршөөлч хүн бусдыг хайрлаж чадна, дээд хүн өршөөл энэрэлийг сахивал доод хүн итгэл журмыг сахина, өршөөл журмыг сахивал үйл хэрэг бүтнэ”[ ] хэмээжээ.
Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйл: Сэдэвт экспертийн судалгааны тайлан (2010) –д “... ёс зүй нь өөрийн үйлдлийн төлөө, бусад хүмүүс болон нийгэмлэгийн өмнө, өөрийн хүн чанарын өмнө зан суртахууны хариуцлага хүлээх сэтгэлийг хүн бүхэнд төлөвшүүлэх тухай асуудал хамгийн чухал байр суурь эзэлдэг.[ ] Ёс зүйтэй байх нь өөрийн үнэлэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ, бусдын чадвар дадлыг үнэлэхэд тулах цэг болдог. Тулах цэгтэй байхын мөн чанар нь үнэлэмжийн үнэт зүйл юм.
Монгол улсад ёс журам ба ёс зүйн философийн өөрчлөлт дараах гурван замаар явагдаж байна.
1. Тотилатори дэгдэмийн зүгээс тулган хүлээлгэх замаар хэвшүүлэхийг оролдож байсан коммунист ёс суртахууны хэм хэмжээ, ойлголт, ухагдахууныг шүүмжлэн, нийгэм журамт эрх ашгийг дээдэлсэн философи, үнэт зүйлсээс татгалзах чиг хандлага;
2. Ардчилал, хувь хүний эрхийг дээдлэх зарчим, зах зээлийн харилцаатай холбоотой хувийн эрх ашигийг илүүд үздэг ёс зүйн үнэт зүйлсийг эзэмших, хуулан авч дууриахыг оролдох чиг хандлага;
3. Олон жил хаалттай байсны улмаас мартагдсан үндэсний уламжлалт хэв заншил, ёс журмыг сэргээн хөгжүүлэх оролдлого; [ ]
Иргэний нийгэмд голлох байр суурьтай мэргэжлийн бүлэг, нийгэмлэг, холбоо нь ашиг сонирхлоо нэгтгэн илэрхийлэхдээ тодорхой мэргэжлийн ёс суртахууны зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлага бий болдог . . ., мөн энэхүү ёс зүйн хүрээнд мэргэжлийн болон ажил хэрэгч ёс суртахуун, байгууллагын ёс зүй, хэрэглээний ба чөлөөт цагийн ёс зүйн асуудлыг холбож үзэх нь чухал[ ]