13/03/2026
🎬 “Нийгмийн дайсан” УСК нь өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ итгэх итгэл, мөн үйлчлүүлэгч өмгөөлөгчдөө итгэх итгэл хэчнээн чухал болохыг уран дүрслэлээр тод томруунаар харуулсан бүтээл болжээ.
Манай хуулийн фирмийн өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нар нь 2019–2023 оны хооронд бусдыг санаатай алсан гэх хэрэгт холбогдсон иргэн Б-г өмгөөлөн ажилласан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс үйлчлүүлэгчийг маань гэм буруутайд тооцож 16 жилийн хорих ял оногдуулсан ч Улсын дээд шүүхээс хэргийг буцааж, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцсэн шүүх хуралдааны үр дүнд иргэн Б-г шунахайн сэдэлтээр_ өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бусдыг санаатай алсан гэх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгон, үйлчлүүлэгчээ цагаатгаж чадсан билээ.
Хийгээгүй хэргийнхээ төлөө 4 жилийн турш шалгагдаж, 2 удаа шүүхээс гэм буруутайд тооцогдсон хүнд цаг үед ч үйлчлүүлэгч маань өмгөөлөгчдөө "цагаатгаж чадна" гэж итгэх итгэлээ алдаагүй. Мөн өмгөөлөгчид маань ч үйлчлүүлэгч нь бусдын амь насанд халдаагүй гэсэн итгэл, байр сууриндаа бат зогсож, олон жилийн турш уйгагүй ажилласны үр дүнд хэргээ шударгаар шийдвэрлүүлж, хүссэн үр дүндээ хүрч чадсан юм.
⚖️ Өмгөөлөгч нар маань "Хүн хэн байхаас, урьд хэдэн ч удаа ял шийтгүүлсэн, хувийн байдал нь ямар байхаас үл хамааран зөвхөн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ л ял шийтгүүлэх ёстой. Харин хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй" гэх байр суурь, зарчим дээр бат зогсдог юм.
🤝 Итгэл, тууштай байдал, мэргэжлийн зарчим гурав нийлж чадвал шударга ёс ялдаг гэдгийн нэг жишээ энэ байлаа.
(Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах үүднээс талархлын бичигт дурдсан нэрийг хасаж оруулав.)