29/12/2023
Хэвлэл мэдээлэл ба мөрдөн шалгах үйл ажиллагаа
Мөрдөн шалгах ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх нь эерэг болон сөрөг үр дагавартай. Авилгын хэргийг шалгаж эхэлсэн талаар мэдээлснээр энэ хэрэг иргэд олон нийтийн хяналтанд орох сайн тал бий. Гэтэл саяхан 12 настай охин алга болсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үйл явцыг Зариг.мн, сэтгүүлч Өнөрцэцэг нар дэлгэрэнгүй мэдээлсэн. Энэ нь гэмт хэрэгтнүүд хохирогч охиныг амьд үлдээх боломжийг байхгүй болгох магадлалтай гэж хуулийн байгууллага болон иргэд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Хэвлэл мэдээллээр мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэх асуудлыг зөв зохистой зохицуулах шаардлага тулгарч байна.Гэвч улстөрчид үүнийг далимдуулж иргэдийн мэдэх эрхийг хааж боох, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж, өөрсдийн хийсэн хэргийг нуун дарагдуулах арга хэрэгсэл болгон ашиглах явдал цөөнгүй гарч байгаа. Шүгэл үлээгчдийг ямар нэг шалтаг олон шалгуулах зэргээр дарамталдаг. Жишээ нь Зоригийн хэрэгт холбогдсон Содномдаржаа Чимгээ нарын өмгөөлөгч Оюунцэцэгийн хүүд худал хэрэг үүсгэж шалгасан талаар Оюунцэцэг өмгөөлөгч мэдээлж байсан.
2002 оны Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг зөвхөн хууль сахиулагч, мөрдөгч, прокурор, шүүгчээр хязгаарлаж байсан. Энэ Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулах 257.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол ... гэж заасан байдаг. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл.Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах:
1.Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол ....
2.Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол ... гэж оруулсан байгаа. Энэ хуулиар томьёолохдоо өмгөөлөгчийг нэмж оруулсан байгаа нь сөрөг үр дагаварыг үүсгэж байгаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Г.Батхүү төрийн ордонд нас барсан хэргийн талаар ар гэрийнхэн нь өмгөөлөгч Батхуягтай хамт хэвлэлийн бага хурал хийсэн.Гэтэл өмгөөлөгчийг нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэж шалгаж эхэлсэн байдаг. Шалгасан үндэслэл нь “Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадалгаа, гар утсанд хийсэн шинжилгээ хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан” гэсэн байдаг.
Өмгөөлөгч сэтгүүлч нар мөрдөн шалгах ажиллагааны хууль бус үйл ажиллагааг шүүмжилж илчлэхдээ баримт мэдээллийг хэвлэл мэдээллээр мэдээлсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх нь өөрөө илтэд хууль бус юм. Харин онц ноцтой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үйл явц бүрийг хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй мэдээлэх нь сөрөг үр дагаварт хүргэдэг. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэгт энэ талаар тодорхой тусгаж, хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Хуулийн зохицуулалт ерөнхий байх нь эрх мэдэлтнүүдэд хуулийг завхруулах, шүгэл үлээгчдийг эрүүгийн хариуцлагад татах боломж олгож байна.
2023.12.29 Цэнд-Аюушийн Байгалмаа