05/09/2024
✈️🇲🇳 Хилийн чанад дахь Монголчууд
Монгол Улсын 211,611 иргэн буюу нийт хүн амын 6.1% нь хилийн чанадад оршин сууж, ажиллаж, амьдарч байна. Тэд ямар зорилгоор гадаад улсын зорив? Тэдний дотоодын нийгэм, эдийн засагт оруулж хувь нэмэр юу байна вэ?
Судалгаа: НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага ЗГ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд “Хилийн чанад дахь Монгол иргэдийн нөхцөл байдал” нэртэй судалгааг хийжээ.
Хаана байна?
Нийт гадаадад оршин суугчдын 27% нь Өмнөд Солонгост, 20.5% нь Америкт, 8% нь Японд зэргээр тархан амьдарч буй. Харин манай 2 хөрш улсад оршин сууж буй хүн амын тоо Өмнөд Солонгост байгаагаас 5 дахин бага буюу 11.5 мянга аж.
Хэрэг зориг хэнд вэ, хэтийн санаа хаана вэ? Гадаадыг зоригсдын бараг тал буюу 46.7% нь боловсрол эзэмших зорилгоор явсан байна. Ийм зорилгоор явсан иргэд бусад зорилгоор явсан хүмүүсээс илүү удаан хугацаанд тухайн улсдаа үргэлжлүүлэн амьдрах хандлагатай байгаа юм.
Европ сэтгэл татна, хө: Түүнчлэн дийлэнх иргэдийн гадаадад оршин суусан хугацаа 2-5 жил байгаа ч Их Британи, Ирланд, Польш, Унгар, Герман зэрэг Европын орнуудад 11 ба түүнээс дээш жил амьдарсан иргэдийн төвлөрөл их байгаа аж.
Ойртох тусмаа холддог… Харин Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөрш болон газарзүйн байршлын хувьд ойр байрлалтай орнуудад 1 жил хүртэлх богино хугацаанд оршин суух хандлагатай байна.
Тэдний буянаар
Гадаадад байгаа 211.6 мянган иргэн маань жилдээ дунджаар 3-10 удаа Монгол руу илгээмж явуулдаг. Үүний 66.1% нь мөнгөн гуйвуулга, үлдсэн хэсгийг бараа бүтээгдэхүүн эзэлж буй. Түүнчлэн Австрали, Швейцар, Чех, Америк, Өмнөд Солонгос зэрэг улсуудад оршин сууж буй Монголчууд хамгийн өндөр дүнтэй мөнгөн гуйвуулга шилжүүлдэг гэнэ. Дээрх улсуудаас ирсэн мөнгөн гуйвуулга нийт мөнгөн гуйвуулгын 58%-тай тэнцэж буй. Тэгэхээр нэлээд өндөр нөлөөтэй байгаа биз?
Бидний баяр: Сонирхуулахад, гадаадад байгаа иргэдийн Монголд болж буй үйл явдлын талаар мэдээлэл авдаг сувгуудын 2-рт Lemon Press-н товхимол нэрлэгджээ. Биднийг уншдаг та бүхэндээ баярлалаа. 😊
Заа тэгээд, гадаадад байгаа Монголчуудад утасны дугаар, банкны дансгүйгээр E-Mongolia руу нэвтрэх боломжгүй, зарим банкны онлайн банкны эрхээ мартсан тохиолдолд заавал биеэр очих зэрэг асуудлууд тулгардаг гэнэ. Ядаж иймэрхүү юмаа шийдчихвэл, тийм ээ?