18/05/2026
🔹️Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд Комиссын гишүүний зөвлөмж хүргүүллээ
🔹️Хүний эрхийн Үндэсний Комиссоос (ХЭҮК) унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээ нэмэгдэж, осол гэмтэл жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг дээшлүүлэх аюулгүй зорчих эрхийг хамгаалах зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд дараах цогц арга хэмжээг шуурхай авах шаардлагатай гэж үзэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд Комиссын гишүүний зөвлөмж хүргүүллээ.
🔹️Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом өсч, замын хөдөлгөөнд ихээр оролцох болсон. Гэвч эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, аюулгүй байдлын стандарт, хяналтын тогтолцоо хангалтгүй байна.
Уг асуудлын мөрөөр холбогдох баримт, албан тушаалтнаас гаргасан тайлбар, эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын мэдээллээр сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өссөн байна.
🔹️“Жэт шэйринг монголиа“ ХХК-ийн цахилгаан скүүтерийн аппликэйшинг 120,000 хэрэглэгч татаж, өдөрт дунджаар 4,500-5,000 хүн, “Ви Эм Си Групп“ ХХК-ийн аппликэйшинг 1,100,000 хэрэглэгч татаж, өдөрт дунджаар 12,900 хүн, “Эко технологи“ ХХК-ийн цахилгаан дугуйн аппликэйшинг 11,150 хэрэглэгч ашиглаж байгаа нь нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байгааг илтгэж байна.
🔹️Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтэл 2022 онд 50, 2023 онд 149, 2024 онд 446, 2025 онд 2,792 бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 6 дахин өссөн байна.
🔹️Түүнчлэн 2025 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 46.6 хувийг 10-19 насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байгаа нь онцгой анхаарал татаж байна.
Мөн дээрх төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй нас баралтын тоо 2024 онд 3, 2025 оны эхний 10 сарын байдлаар 5 болж нэмэгдсэн нь цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгсэл хүний амь насанд ноцтой эрсдэл учруулж буйг батлан харуулж байна.
🌐Дэлгэрэнгүйг: https://nhrcm.gov.mn/ #/page/7/post/view/6805