28/04/2026
📍Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
🎯Гомдлын агуулга: Орон нутаг дахь цагдан хорих байранд хоригдож буй иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хангалтгүй, шаардлагатай эм, боолт, ариун цэврийн хэрэгслийн хүрэлцээ муу, өрөө тасалгааны эрүүл ахуй, агааржуулалт хангалтгүй, мөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд цаг тухайд нь хамрагдаж чадахгүй байгаа нь хяналт шалгалтын явцад ажиглагдсан. Тухайлбал, нэг хоригдогчийн хуучин шарх, өвчний улмаас тогтмол арчилгаа, цэвэрлэгээ, боолт шаардлагатай байсан бол нөгөө хоригдогчийн нүд болон биеийн бусад зовуурьт мэргэжлийн үзлэг, эмчилгээ шаардлагатай нөхцөл байдал үүссэн байсан.
🎯Дүгнэлт: Хоригдогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлэх, эм, боолт, ариун цэврийн хэрэглэлийн хангалтыг бүрдүүлэх, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээг шуурхай зохион байгуулах үүрэг бүрэн хэрэгжээгүй байна. Иймд хоригдлын эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөх нөхцөл үүссэн гэж үзэж, холбогдох зөрчлийг арилгах, эмчилгээ үйлчилгээ, хяналт, дотоод зохион байгуулалтыг сайжруулах талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн.
🎯Зөвлөмжийн биелэлт:
✅Хоригдогчийг агааржуулалт, орчны нөхцөл илүү тохиромжтой өрөөнд шилжүүлэн байршуулж, өрөөний агааржуулалтыг тогтмол хийж, өдөр тутмын цэвэрлэгээ, шархны боолт, шаардлагатай хэрэглэгдэхүүний хангалтыг зохион байгуулсан;
✅Шаардлагатай эм, ариун бинт, витамин болон бусад хэрэглэгдэхүүнийг татан авч, эмийн сангийн нөөцөөс тогтмол олгож эхэлсэн;
✅Хоригдогчдыг шат шатны эмнэлгийн үзлэг, шинжилгээ, нарийн мэргэжлийн оношилгоонд хамруулж, эмчилгээний ажлыг үргэлжлүүлсэн;
✅Байгууллагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хүний эрх зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдол бүрд нэн даруй арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж эхэлсэн;
✅Хоригдогчдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг төлөвлөгөөт болон хүсэлтийн дагуу үзүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг тогтмол бүрдүүлэх арга хэмжээ авсан;
Үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулж, албан үүргээ чанд биелүүлж ажиллахыг анхааруулсан;
✅Комиссын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар албан бичгээр ирүүлсэн.
Зөвлөмжийн тойм №3
Огноо: 2024.08.20
Дугаар: № 06/45
Төлөв: Хэрэгжүүлсэн