07/10/2026
ШИНЭЭР БАРИГДСАН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ БОЛОН УРЬДЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ ХИЙЛГЭХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ
📌 Шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлэх:
Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээний талбай, автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлэг гаргана.
Мэдүүлэгт барилгын гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, хөрөнгө оруулах, орон сууц захиалан бариулах, худалдах-худалдан авах гэрээний хуулбар, байршлын хаяг, Улсын комиссын дүгнэлт, тухайн давхар, тоот, талбайн хэмжээг тусгасан зураг төсөл болон барилгын 4 талаас авсан гэрэл зургийг хавсаргана. Хэрэв Улсын комиссын дүгнэлтийг бүртгэлийн байгууллагад жагсаалтаар ирүүлсэн бол иргэн тусгайлан гаргаж өгөх шаардлагагүй.
Хуулийн этгээд мэдүүлэг гаргах тохиолдолд үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоолыг хавсаргана.
Улсын тэмдэгтийн хураамжийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувиар тооцож төлөх бөгөөд хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ. Мэдүүлгийг харьяаллын дагуу нийслэлийн дүүрэг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст болон e-Mongolia-аар гаргах боломжтой.
Дэлгэрэнгүйг https://burtgel.gov.mn/post/69731